Видео

Хоршоо нь нийгмийн шударга ёс, тогтвортой хөгжлийн цөм юм

Энэ жилийн Олон улсын Хоршооллын өдрийг "Ирээдүйн сайн сайхны төлөө хоршоогоо бэхжүүлье"уриан дор тэмдэглэж байна. ОУХБ-ын Ерөнхий захирал Жильбер Унгбогийн мэдэгдлийг хүлээн авна уу.

6 долоодугаар сар 2024

ILO Director-General, Gilbert Houngbo, issued a statement for the 2024 International Day of Cooperatives


Бичлэг

Олон улсын хоршооллын өдөр та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.

Энэ жилийн хоршооллын өдрийг “Ирээдүйн сайн сайхны төлөө хоршоогоо бэхжүүлье” уриан дор тэмдэглэж байна. Энэ жилийн хоршооллын өдрийн уриа нь хоршоо дэлхий дахинд тогтвортой хөгжил, шударга ёсыг бэхжүүлэхэд ямар их чухал үүрэг гүйцэтгэдгийг сануулж байна.

Энэ жил ОУХБ-ын суурь зарчим, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж өгсөн Филадельфийн тунхаг батлагдсаны 80 жилийн ой болж байгаагаараа онцлог. Тунхагаар хүн бүр эдийн засаг, оюун санааны хөгжилд хүрэхдээ эрх чөлөө, нэр төр, эдийн засгийн аюулгүй байдал, тэгш боломжоор хангагдах эрхтэйг баталгаажуулжээ. Тунхагт заасан энэ бүх шинж хоршоодод бий.

ОУХБ нь байгуулагдсан цагаасаа эхлэн Олон улсын хоршооллын холбоотой хамтран зохистой хөдөлмөр, нийгмийн шударга ёсны төлөө нягт хамтран ажилласаар ирлээ. Энэ жил бидний хамтын ажиллагааны түүхэн чухал үе тохиож байна. НҮБ-аас 2025 оныг Хоршооллын жил болгон зарлаж, Нийгмийн хөгжлийн тухай Дэлхийн хоёр дахь удаагийн чуулганыг 2025 онд зохион байгуулах гэж байна.

Хоршоо нь ялгаварлан гадуурхал, тэгш бус байдлыг халж, жендэрийн тэгш байдлыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ ажлын үр дүн сайн, хүртээмж ахицтай. TҮүнтэй холбогдуулан ОУХБ-аас эдийн засаг, нийгмийн хөгжилд хоршоодын оруулж буй хувь нэмрийг хэмжих аргачлал боловсруулж байна.

Дэлхий нийтээрээ нүүр тулж буй олон сорилтыг хүн төвтэй шийдлээр даван туулахад хоршоо чухал үүрэгтэй. ОУХБ нь Хоршооллын хөгжлийг дэмжих хороо болон НҮБ-ын төрөлжсөн байгууллага, агентлаг, олон улсын хоршооллын хөдөлгөөнтэй хамтран ажиллаж байгаа нь сорилтыг даван туулах хамтын хүчин чармайлтын нэг жишээ болно.

Хоршоо бол цаг үеэ олсон шийдэл. Хүнээ, эх дэлхийгээ хөгжлийн зорилго болгож буй энэ цаг үед уур амьсгалын өөрчлөлт, дижитал хөгжлийн шударга шилжилтийг хоршоо дэмжих болно. Энэ боломжийг ашиглан дэлхийн бүх хоршоодыг Шударга шилжилтийг хурдасгах хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын хөтөлбөртэй хамтарч ажиллахыг уриалж байна. Таны оролцоо, хувь нэмэр, манлайлал чухал үүрэгтэй.

Өнөөдөр хоршоод, нийгэм, эв нэгдлийн эдийн засаг, ААНБ, Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллага, олон улсын байгууллагууд хамтын ажиллагаагаа улам ойртуулах боломж гарч байгааг тэмдэглэж хэлмээр байна. TБид Нийгмийн шударга ёсны төлөө дэлхийн эвслийг саяхан байгуулсан билээ. Энэ эвсэл нь шударга ёсыг бэхжүүлэх нийтлэг зорилгын төлөө ажиллаж буй талуудын амлалтыг ажил хэрэг болгоход туслах юм. Хоршооллын хөдөлгөөн энэхүү эвсэлд нэгдсэнд баяртай байна. Та бүхний оролцоо эвслийн үйл ажиллагаанд чухал бөгөөд бид хүчээ нэгтгэж чадвал илүү шударга, илүү тайван, илүү тогтвортой ирээдүйг бүтээж чадна.

Баярлалаа.