Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сарын аян
“Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх” аян улс орон даяар үргэлжилж байна
Энэ жилийн аян эрүүл, аюулгүй нөхцөлд ажиллах нь хүний суурь эрх болохыг онцолж, энэхүү эрхийг хангахад хүн бүрийн оролцоо чухлыг сурталчлан таниулахад чиглэж байгаа юм.

2022 оны 6 дугаар сард болсон Олон улсын хөдөлмөрийн Бага хурлаар "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд" (ХАБЭМ)-ийн асуудлыг Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхэд багтаахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан ОУХБ-ын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай” 155 дугаар конвенц, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих тогтолцооны тухай” 187 дугаар конвенцыг ОУХБ-ын суурь конвенц гэж тунхагласан билээ. Үүнтэй холбогдуулан, энэ жилийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сарын аян”-ийг “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛ-БИДНИЙ СУУРЬ ЭРХ” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.

Cарын аяны нээлтийн арга хэмжээ

Тус нээлтийн арга хэмжээг ХНХ-ын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар нээж хэлсэн үгэндээ, үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд сарын аяны зорилго оршиж байгааг онцлов.
Нээлтийн арга хэмжээнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ОУХБ-ын БНХАУ, Монгол улсыг хариуцсан товчооны захирал Чангхи Ли нар үг хэлж Монгол Улсад ХАБЭА-н хүрээнд тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, олон улсын ХАБЭА-н хэм хэмжээ түүний сайн туршлагын талаар танилцуулав.
Нээлтийн ажиллагааны үеэр (ХАБЭМ)-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын танилцуулга үзэсгэлэн өдөрлөг зохион байгуулагдаж, “ХАБЭА-н сарын аян-2023” хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулгыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Мэргэжлийн хяналтын чиг үүргийн шилжилт ба салбарын хяналтын талаар ХНХЯ-ны Салбарын хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нарангарав, Эрүүл, аюулгүй ажлын байрны суурь эрхийг хангахад нийгмийн түншүүдийн манлайлал оролцооны тухай МҮЭ-ийн холбооны ЕНБД, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн Х.Буянжаргал, Эрүүл аюулгүй ажлын байр ба ажил олгогчийн үүрэг хариуцлага сэдвээр МАОЭНХ-ны ХАБЭА-н асуудал хариуцсан Зөвлөх Г.Эрдэнэтөгс, Сургалтын байгууллагын чиг хандлага хэрэгцээ шаардлагын талаар “Ололт амжилтын түлхүүр” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Батхүү нар мэдээлэл хийлээ.
