SafeDay 2023

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн Дэлхийн өдөр 2023

Хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчин нь ажилтан бүрийн суурь эрх мөн

28 дөрөвдүгээр сар 2023

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн Дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдрийг 2023 онд “Хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчин нь ажилтан бүрийн суурь эрх мөн” гэсэн уриан дор тэмдэглэж байна.

2022 оны 6 дугаар сард болсон Олон улсын хөдөлмөрийн Бага хурлаар "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд" (ХАБЭМ)-ийн асуудлыг Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхэд багтаахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан ОУХБ-ын "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай” 155 дугаар конвенц, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих тогтолцооны тухай” 187 дугаар конвенцыг ОУХБ-ын суурь конвенц гэж тунхагласан билээ.

Иймд ОУХБ-ын гишүүн улс орнууд энэхүү хоёр конвенцод нэгдэж ороогүй байсан ч ОУХБ-ын Дүрмийн дагуу конвенцуудад хамаарах хөдөлмөрийн хүрээний суурь эрхийн зарчмуудыг хүлээн зөвшөөрч, сурталчилж, хэрэгжүүлэх үүрэгтэй.