Монгол Улс дахь ялтны хөдөлмөр эрхлэлтийн байдал: Практик судалгаа

Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ бүрнээ биелүүлэх, ялтныг нийгэмшүүлэх, тэдний хөдөлмөрийг зүй ёсоор үнэлэх, үр шимийг нь өөрсдөд нь хүртээхийн тулд үндэсний хууль тогтоомж, одоогийн практикаа эргэж харах хэрэгтэй байгааг уг тайланд тодорхойлсон болно.

Content also available in: English
Энэхүү судалгааны тайланд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Азийн бүс нутаг дахь албадан хөдөлмөрийн ажиллагаа” төслийн техникийн туслалцаатай хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг оруулав. Судалгаагаар Монгол Улс дахь хорих ангийн хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, хорих анги дахь хөдөлмөрийн зохион байгуулалт, төлөв байдлыг тоймлосон болно. Судалгааг 2013 оны 6-11 дүгээр сард хорих 407, 417, 421-р ангиудад тус тус газар дээр нь очиж хийхдээ 522 ялтныг оролцуулж, санал асуулга авсан юм.

ОУХБ-ын Албадан хөдөлмөрийн тухай 29-р конвенц нь ялтны хөдөлмөрт тодорхой шаардлагыг тавьдаг. Хорих ангиудад хөдөлмөрийг зөв зохион байгуулж, сайн дураар хөдөлмөрийн чадварыг сэргээж, хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд суллагдсаны дараа ажилд орох боломж нэмэгдэх, ажилд хурдан дасан зохицох зэргээр ялтнуудад ач тусаа өгдөг. Гэсэн хэдий ч хэрэв ялтныг хувь хүн, компани, нийгэмлэгт хөлслөж, тэдний мэдэлд шилжүүлж заавал хийлгэх ажил гүйцэтгүүлэх, эсхүл хийж буй ажил, үйлчилгээнд нь төрийн эрх бүхий байгууллагаас хяналт тавиагүй тохиолдолд энэ нь 2005 онд Монгол Улсын нэгдэн орсон Албадан хөдөлмөрийн тухай 29-р конвенцийг зөрчсөн хэрэг болох юм. Өдгөө дэлхий дээр 21 сая хүн албадан хөдөлмөрт өртөж байна гэсэн судалгааг ОУХБ-аас гаргажээ. Орчин цагийн боолчлолын нэг хэлбэр болсон албадан хөдөлмөрийн нөлөөгөөр жил тутам дэлхийн зах зээлд 150 тэрбум ам.долларыг хууль бусаар олж байна. Тэгвэл НҮБ-аас 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод “албадан хөдөлмөрийг үндсээр нь устгаж, орчин цагийн боолчлол, хүний наймааг зогсоох үр дүнтэй арга хэмжээ” авахаар тусгасан болно.

Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ бүрнээ биелүүлэх, ялтныг нийгэмшүүлэх, тэдний хөдөлмөрийг зүй ёсоор үнэлэх, үр шимийг нь өөрсдөд нь хүртээхийн тулд үндэсний хууль тогтоомж, одоогийн практикаа эргэж харах хэрэгтэй байгааг уг тайланд тодорхойлсон болно.

Additional details

References

  • ISBN: 9769220307533