Монгол улс дахь Цэргийн хөдөлмөрийн судалгаа - Албадан хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 29, 105 дугаар конвенцод нийцэж байгаа эсэхэд хийсэн үнэлгээний тайлан
Монгол Улс өнгөрсөн гуч гаруй жилд олон намын тогтолцоо бүхий ардчилсан нийгэмд амжилттай шилжин, эдийн засаг нь төрөлжөөгүй ч хурдацтай өсжээ. Монголын эдийн засаг дэлхийн зах зээлд, ялангуяа Европын холбоо, АНУ зэрэг худалдааны гол түншүүдтэй худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлөх нөхцөл тогтоосноор улам бүр интеграцлагдаж байна. Гэхдээ олон улсын болон үндэсний хүний эрхийн байгууллага, Монгол Улсын худалдааны түншүүдийн сэтгэл зовоосон тодорхой зарим хэвшил төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеэс үлдэж хоцорсон байна. Тийм хэвшил дадлын нэг нь хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн бус хөдөлмөр, эдийн засгийн бүтээн байгуулалтад ашиглаж буй практик юм.
ОУХБ-ын 1930 оны 29 дүгээр конвенцод албадан хөдөлмөрийг тодорхойлохдоо: “Ямар нэг шийтгэл хүлээлгэхээр айлган сүрдүүлж аливаа этгээдээр гүйцэтгүүлэх, чингэхдээ уг этгээд нь өөрөө сайн дураар гүйцэтгэхийг санал болгоогүй бүх ажил буюу үйлчилгээг хэлнэ”.
Гэхдээ заавал хаах цэргийн албаны хүрээнд гүйцэтгүүлэх цэвэр цэргийн ажил, үйлчилгээг албадан буюу заавал хийх хөдөлмөрийн дээрх тодорхойлолтод хамааруулдаггүй. “Цэвэр цэргийн” гэдэг нөхцөл нь нийгэмд тустай хөдөлмөрт цэрэг дайчлахаас урьдчилан сэргийлэхэд чиглэж байна. Энэ хориг нь албадан буюу заавал хийх хөдөлмөрийг “эдийн засгийн хөгжлийн зориулалтаар хөдөлмөрийг дайчлах, хэрэглэх арга” хэмээн хориглодог 105 дугаар конвенцын 1 дүгээр зүйлийн (b) хэсгийн заалтаас үүдэн гарсан.
Цэвэр цэргийн ажил гэдгийг улс орноо хамгаалахад чиглэсэн үүрэг даалгавар гүйцэтгэхийг хэлнэ. Гэхдээ 29 дүгээр конвенцод заасан албадан хөдөлмөрт хамаарахгүй зарим онцлог нөхцөлүүд байгаа болно. Үүнд:
- Хугацаат цэргийн алба хаагч бусад иргэний адилаар онцгой байдал үүссэн тохиолдолд ажиллах;
- Инженерийн буюу түүнтэй төстэй цэргийн ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдыг зам, гүүр барих ажилд цэргийн бэлтгэл, сургуулилалтын хүрээнд оролцуулах;
- Хугацаат цэргийн алба хаагчдыг иргэний аж байдалд эргэн ороход нь тус дөхөм болох ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургалтад хамруулах (ILO 1979, 2007).
Монгол Улс Албадан хөдөлмөрийн тухай 29 болон 105 дугаар конвенцуудыг 2005 онд соёрхон баталсан билээ. 2019 онд Конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийг хянах шинжээчдийн хороо (КЗХХШХ)-оос “Заавал хаах цэргийн албатай холбоотой хууль тогтоомжийн хүрээнд тодорхойлогдож буй аливаа ажил, үйлчилгээ нь цэвэр цэргийн шинжтэй байж, конвенцод нийцтэй болгох үүднээс хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах асуудлаар Засгийн Газарт” шаардлага хүргүүлсэн болно. Шаардлагын дагуу арга хэмжээ авах хүртэл Хорооноос цэргийн бус ажилд томилогдсон хугацаат цэргийн алба хаагчдын тоог гаргаж өгөх хүсэлтийг Засгийн Газарт хүргүүлсэн (ILO 2021). Улмаар 2022 онд КЗХХШХ-ноос “цэргийн алба хаагч энхийн цагт өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөх нөхцөл болон чөлөөлөгдөх хүсэлтийн тоо, хүсэлт хүлээн авсан болон татгалзсан талаарх тоон мэдээллийг” гаргаж өгөхийг Засгийн Газраас хүссэн болно (ILO 2023).
Дээрх шууд шаардлагуудын хариуд ОУХБ хугацаат цэргийн болон цэргийн алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөл нь 29 болон 105 дугаар конвенцтой нийцэж буй эсэхийг үнэлэх судалгааны ажил гүйцэтгэхийг дэмжсэн болно. 2022 онд ҮСХ нь ОУХБ-ын дэмжлэгтэйгээр албадан хөдөлмөрийг тодорхойлох, хугацаат цэргийн алба хаасан эрэгтэйчүүдээс албадан хөдөлмөрийн тухай судалгаа авах асуумжийн модулыг Ажиллах хүчний судалгаанд оруулан туршилт судалгаа хийсэн.1 Уг судалгааны үр дүнд заасан хугацаанд (сүүлийн гурван жилд) цэргийн алба хаасан иргэдийн 7.27 (880 цэрэг) хувь нь алба хаах хугацаандаа цэргийн бус ажил, үйлчилгээ эрхэлсэн бөгөөд эдгээр иргэдийн нэг нь ч уг ажил нь ямар нэг онцгой байдалтай холбоотой гэж үзээгүй байна. Цэргийн бус ажил, үйлчилгээ эрхэлсэн гэх оролцогчдын 29.77 хувь (буюу 262 оролцогч) нь заавал хамрагдах сургалтын үеэр уг ажлыг хийсэн гэсэн нь албадан хөдөлмөр гэж үзэхээр байна. Бусад оролцогчдын хийсэн гэх цэргийн бус ажил нь цэргийн ангийн үүрэг чиглэлтэй холбоотой эсвэл сайн дурын сургалттай холбоотой эсэх тодорхойгүй байсан учир албадан хөдөлмөр гэж тодорхойлох боломжгүй байсан болно.
Дээрх түүвэр судалгааны учир дутагдалтай байдлын улмаас Үндэсний судалгаа, зөвлөгөөний төв болон ОУХБ хамтран 29 болон 105 дугаар конвенцын нийцтэй байдлыг үнэлэх зорилгоор чанарын болон тоон судалгаа хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны үр дүнг уг тайлангаар танилцуулж байна.
Additional details
References
- ISBN Web PDF: 978-92-2-040599-4