Монгол Улс дахь хоригдлын хөдөлмөрийн нөхцөл: Чанарын судалгааны дүн

Content also available in: English

Монгол Улс нь Албадан хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 1930 оны 29 дүгээр конвенц, Албадан хөдөлмөрийг устгах тухай 1957 оны 105 дугаар конвенцод нэгдэн орсон бөгөөд эдгээр конвенцод хоригдлын хөдөлмөрт тавигдах нөхцөл, шаардлагыг тусгайлан заасан байдаг. Хоригдлын хөдөлмөрийг зөв зохион байгуулж, хоригдол өөрөө сайн дураар зөвшөөрөн мэргэжил эзэмшиж, хөдөлмөр эрхэлбэл чадамж нь сайжирч, суллагдаад ажилд ороход дөхөм болох зэрэг ашиг тустай. Харин шүүхийн шийдвэрээр хорих ял оноосон хоригдлыг төрийн хяналтаас гадуур, хувь хүн, компани, нийгэмлэгийн мэдэлд өгч ажиллуулах нь ОУХБ-ын 29 дүгээр конвенцыг зөрчиж байгаа явдал юм.

ОУХБ, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) хамтран 2024 онд Монгол Улс дахь хоригдлын хөдөлмөр, ял эдэлж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн нөхцөл нь ОУХБ-ын 29, 105 дугаар конвенцод нийцэж буй эсэхийг үнэлэх зорилгоор судалгаа хийсэн юм. Уг судалгааны хүрээнд 2021-2022 онд Монгол Улсын 21 хорих ангийн 11-д нь хүрч мэдээлэл цуглуулсны дотор нээлттэй, хаалттай хорих ангийн хоригдлууд, бүх насаараа хоригдох ялтай болон насанд хүрээгүй хоригдлууд хамрагдсан байна. Судалгааны дүнгээс харахад хууль тогтоомж, тусгайлсан зохицуулалтад ахиц дэвшил гарсан байна. Хоригдлуудын дийлэнх олонх (92 хувь) нь хөдөлмөр эрхэлж байгаа, ингэхдээ олонх нь сайн дураар ажиллаж байгаа гэж хариулжээ. Гэхдээ ажил хийсэн хоригдлуудын ердөө 55 хувь нь хорих ангитай, эсвэл ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Ярилцлага хийсэн хоригдлуудаас цөөнх (6.4 хувь) нь хорих ангиас гадуур хувийн аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр ажилласан байна. Ийнхүү гадуур ажил хийсэн хоригдлуудын олонх (89 хувь) нь хорих ангийн албан хаагчийн хяналт дор ажиллажээ. Гэсэн ч хувийн байгууллагын харуулын хяналтад ажиллуулсан (1 хувь), хяналтыг хувийн байгууллагатай хамтран тавьсан (7.8 хувь) тохиолдол байгаа нь 29 дүгээр конвенцтой нийцэхгүй байгааг анхаарах шаардлагатай.

Энэ удаагийн чанарын судалгаа нь одоо ял эдэлж буй хүмүүстэй харьцуулахад үзэл бодлоо илүү чөлөөтэй илэрхийлэх боломжтой гэдэг утгаар ял эдэлж байгаад суллагдсан хүмүүсээс авсан мэдээллээр дээрх судалгааны үр дүнг баяжуулахад чиглэсэн болно. Судалгаанд шүүхээс ял шийтгүүлж, хорих ял эдэлж байгаад суллагдсан 20 хүнийг сонгон дэлгэрэнгүй ярилцлага хийсэн юм. Газар зүйн өөр өөр байршлыг хамруулахын тулд судалгааны баг (хотын төвийн) Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, мөн (хотын захын) Сонгинохайрхан дүүргийн нийт долоон хорооны1 нийгмийн ажилтантай хамтран ажиллав. Улаанбаатараас өөр, тухайлбал, Өмнөговь аймгаас хүмүүсийг судалгаанд оролцуулах гэсэн боловч амжилтгүй болсон юм. Судалгааны талаарх мэдээлэл (судалгааны зорилго, хэн оролцох боломжтой, хэрхэн холбоо барих)-ийг тухайн нэгжид бүртгэлтэй иргэдэд хүргэх, судалгаанд оролцогчидтой ярилцлага товлох ажлыг нийгмийн ажилтнуудад хариуцууллаа. Судалгаанд оролцогчдын хүсэлтийг харгалзан ярилцлагыг зөвхөн цахимаар зохион байгуулав.

Ярилцлага авах удирдамжийг боловсруулахдаа хоригдлын хөдөлмөрийн шинж байдал, нөхцөлийг үнэлэх зорилго тавьсан юм. Тухайлбал, ажил үүрэг даалгахдаа ялгаварлан гадуурхаж байсан эсэх, ажлын болон ажлын байрны төрөл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчийг тодруулахад судалгаагаа чиглүүлсэн болно. Хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой асуултууд нь ажлын байрны орчин, нөхцөл, ажлын цаг, цалин, тэтгэмж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдэлийн талаар мэдэхэд чиглэгдсэн юм.

Судалгаанд цөөн хүн оролцсон учир үр дүн нь нийт хоригдлын нөхцөл байдлыг төлөөлөх чадваргүй болно. Гэсэн хэдий ч гүнзгийрүүлсэн ярилцлагаар цуглуулсан мэдээлэл нь эдгээр хүмүүсийн үзэж туулсан нөхцөл байдлыг гүнзгий ойлгож, хоригдлын хөдөлмөрийг хэрхэн ашиглаж байгааг илүү тодорхой мэдэх боломж олгоно. Нөгөө талаар, энэхүү судалгааны үр дүн нь ОУХБ, ХЭҮК-оос хамтран хийсэн өмнөх тоон судалгааг баяжуулж байгаа юм. Тус чанарын судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдсан хүмүүсээс шүүхийн өмнөх шатанд цагдан хоригдож байхдаа ажил хийсэн тохиолдол алга байна. Мөн ажил хаялтад оролцсон, улс төрийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр яллагдсан тохиолдол байхгүй байна. Үүнээс гадна хоригдлууд хорих ангиас гадуур хувийн аж ахуйн нэгж, хувь хүний захиалгаар ажил хийх сонирхол илүү байгаа нь ажиглагдсан бөгөөд учир нь үүнийг тэд хугацаанаас өмнө суллагдах боломж гэж хардаг ба хорих ангид байснаас дээр гэж үздэг. Гэсэн хэдий ч олонх нь ажлын байрны нөхцөл, ажлын цаг, цалин, аюулгүй ажиллагааны талаар сэтгэл дундуур байжээ. Барилгын ажил, мод бэлтгэх, модон эдлэл, сийлбэр хийх ажил аюул, эрсдэл өндөр байсан гэжээ. Ярилцлага өгсөн хоёр ч хүн хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдах хэмжээнд хүнд бэртсэн хүнийг нүдээр үзсэн тухайгаа дурдсан байна. Ийм аюул, эрсдэлээс гадна чийгтэй, тоостой зэрэг эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөтэй орчинд ажиллаж байжээ.

Additional details

References

  • ISBN Web PDF: 9789220416624