МОНГОЛ УЛС ДАХЬ ХОРИГДЛЫН ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ - АЛБАДАН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 29, 105 ДУГААР КОНВЕНЦУУДАД НИЙЦЭЖ БАЙГАА ЭСЭХЭД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
Энэхүү судалгаа нь Монгол Улсын хорих ангиудад албадан хөдөлмөр эрхлэх тухай ОУХБ-ын 29, 105 дугаар конвенцид нийцэж байгаа эсэх, 2016 оны судалгаанаас хойш гарсан ахиц дэвшлийг дүгнэх зорилготой юм.
Монгол Улс нь Албадан хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын 1930 оны 29 дүгээр конвенц, Албадан хөдөлмөрийг устгах тухай 1957 оны 105 дугаар конвенцод нэгдэн орсон бөгөөд эдгээр конвенцуудад хоригдлын хөдөлмөрт тавигдах нөхцөл, шаардлагыг тусгайлан заасан байдаг. Хоригдлын хөдөлмөрийг зөв зохион байгуулж, хоригдол өөрөө сайн дураар зөвшөөрөн мэргэжил эзэмшиж, хөдөлмөр эрхэлж чадвал хоригдол суллагдахдаа ажлын туршлагатай, нийгэмших боломжтой болно. Харин шүүхийн шийдвэрээр хорих ял оноосон хоригдлыг төрийн хяналтаас гадуур, хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага, компани, холбоонд дарамт, шахалт үзүүлэн ажиллуулах нь ОУХБ-ын 29 дүгээр конвенцыг зөрчиж байгаа явдал юм.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс 2016 онд хоригдлын хөдөлмөрийн нөхцөл ОУХБ-ын 29-р конвенцод нийцэж байгаа эсэх талаар судалгаа хийсэн билээ. Судалгааны үр дүнгээс харахад хоригдлыг албан ёсоор өөрөө зөвшөөрөөгүй байхад хувийн компанид хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллуулсан тохиолдлууд гарсан бөгөөд энэ нь конвенцын зүйл заалттай нийцэхгүй байгааг тайланд тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн, Монгол улсын зарим хууль тогтоомж, түүний хэрэгжилт Монгол улсын нэгдэн орсон олон улсын зарим гэрээ, конвенцтой нийцэхгүй байгааг дурдаад хоригдлын хөдөлмөрийн асуудлуудыг эргэн авч үзэхийг зөвлөжээ.
Энэхүү судалгааны мөрөөр, өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг судлан үзэх зорилгоор Монгол Улсын ХЭҮК, ОУХБ хамтран хоригдлын эрхэлж буй хөдөлмөр нь ОУХБ-ын 29, 105 дугаар конвенцод нийцэж байгаа эсэх талаар энэхүү судалгааг гүйцэтгэлээ. Судалгаанд тоон болон чанарын аргыг ашиглав. Судалгааны мэдээллийг 2021 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн 2022 оны дөрөвдүгээр улирал хүртэл Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 21 хорих ангиас 11-т нь ажиллаж цуглуулсан бөгөөд үүнд нээлттэй ба хаалттай хорих ангид ял эдэлж буй хүмүүс, бүх насаараа хорих ялтай болон насанд хүрээгүй хоригдлуудыг хамруулсан болно. Нийт 1243 хоригдлыг судалгаанд хамруулсан нь 2022 оны байдлаар нийт хоригдлын 27 хувь болно. Судалгаанд хамрагдсан хорих ангиудад ажиглалт хийх, хоригдол болон хорих ангийн албан хаагчидтай ярилцах замаар хоригдлын хөдөлмөрийн нөхцөл, онцлогийг тодорхойлохыг хичээлээ.
Судалгааны энэхүү тайланд хоригдлын хөдөлмөрт хамаарах Монгол улсын холбогдох хууль тогтоомж, баримт бичгийг судалж тусгасан болно. 2016 оны судалгаанаас хойш Монгол улсын хууль тогтоомжид тодорхой ахиц гарсан болохыг тайланд тэмдэглэлээ.
Судалгааны тайлангаас харахад хоригдлуудын дийлэнх олонх буюу 92 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд ихэнх нь сайн дурын үндсэн дээр ажиллаж байгаа гэж хариулсан байна. Гэхдээ, тэдний зөвхөн 55 хувь нь л хорих ангитай, эсвэл ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 14 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хувьд аюултай нөхцөлд ажиллаж байгаа гэжээ. Бүх насаараа хорих ял эдэлж буй хоригдлууд болон насанд хүрээгүй хоригдлууд хөдөлмөр эрхэлдэггүй болно.
Судалгаанд оролцсон хоригдлуудын маш бага буюу 6.4 хувь нь хорих ангиас гадуур хувийн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллажээ. Тэдний дийлэнх олонх (89 хувь) нь хорих ангийн албан хаагчийн хяналт дор ажилласан байна. Харин цөөн тохиолдолд (1 хувь) гэрээт харгалзагчийн хяналт дор, эсвэл хувийн аж ахуйн нэгж, байгууллагатай хамааралтайгаар (7.8 хувь) ажилласан нь ОУХБ-ын 29-р конвенцод нийцэхгүй байгааг анхаарах шаардлагатай.
Түүнчлэн судалгааны явцад хөдөлмөр эрхлэхтэй холбоотойгоор хэт их ажиллуулах, бие махбодийн хүчирхийлэлд өртөх, ариун цэврийн өрөөнд орохыг хязгаарлах, цэвэр усаар хангахгүй байх зэрэг шийтгэл ногдуулж байсныг олж мэдлээ. Энэ нь ОУХБ-ын конвенцын хэрэгжилттэй шууд хамааралгүй, цөөн тохиолдол боловч анхаарал татсаныг энд тэмдэглэх нь зүйтэй.
Тайланд хоригдлын хөдөлмөрийг Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн зохион байгуулах, хоригдлын ур чадвар, нийгэмшлийг дэмжих асуудлаар Монгол улсын хууль тогтоомж, бодит хэрэгжилтэд анхаарах зөвлөмжийг оруулсан болно. Хоригдлын хөдөлмөрийн энэхүү судалгааны тайлан нь Монгол улсад төдийгүй олон улсын түвшинд хоригдлын хөдөлмөрийн асуудлаарх бодлогын түвшний яриа, хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.
Additional details
References
- ISBN Web PDF: 978-92-2-040594-9