Монгол Улс дахь заавал хаах цэргийн алба ба хугацаат цэргийн хөдөлмөр: Бодлого, практикийн дүн шинжилгээ

Энэхүү илтгэлд заавал хаах цэргийн албыг Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагад нийцүүлэн зохион байгуулахын тулд Монгол Улсын үндэсний хууль тогтоомж, бодлого, зохицуулалтад үнэлэлт өгч болох чиглэлүүдийг тодорхойлсон болно. Мөн энд бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийн хүрээнд иргэний цалинтай ажлын байр бий болгон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийг хөдөлмөр эрхлэлтийн ерөнхий хөтөлбөр, хөдөлмөрийн зах зээлийн бодлогодоо гол болгон баримтлахыг зөвлөмж болголоо.

Content also available in: English
Энэ тайланд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-ын Азийн бүс нутаг дахь албадан хөдөлмөрийн ажиллагаа (АБАХА) төслийн техник арга зүйн тусламжтайгаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын явуулсан судалгааны үр дүнг тусгасан болно. Судалгаагаар заавал хаах цэргийн алба болон хугацаат цэргийн хөдөлмөрийн талаарх Монгол Улсын эрх зүйн орчин, зохицуулалт, үйл ажиллагааг авч үзэв. Судалгааны ажлыг 2013 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд барилга-инженерийн 339, 340 дүгээр ангид нийт 159 хүнийг санал асуулгад хамруулан хийж гүйцэтгэв.

ОУХБ-ын Албадан хөдөлмөрийн тухай 1930 оны 29 дүгээр конвенц нь заавал хаах цэргийн алба байхыг хүлээн зөвшөөрч байгаа боловч хугацаат цэргийн алба хаагчдыг гагцхүү цэвэр цэргийн шинжтэй ажил хөдөлмөрт дайчлахыг зөвшөөрдөг байна. Мөн түүнчлэн Албадан хөдөлмөрийг устгах тухай 1957 оны 105 дугаар конвенцод хугацаат цэргийн хаагчийг албадан хөдөлмөрлүүлэх болон аливаа этгээдийг эдийн засгийн хөгжлийн зорилгоор албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрт дайчлахыг хориглосон болно.

Энэ судалгаагаар Монгол Улсын батлан хамгаалах бодлого дахь хугацаат цэргийн албан хаагчдыг эдийн засгийн бүтээн байгуулалтад оролцуулах илэрхий зорилго байгааг тогтоов. Судалгааны үр дүнгээс үзэхэд бодит байдалд хугацаат цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийн хүрээнд цэргийн бус ажилд оролцуулдаг байна. Эдгээр баримтаас үүдэн Монгол Улс 2005 онд соёрхон баталсан ОУХБ-ын 29, 105 дугаар конвенцийн зүйл заалтыг дагаж мөрддөг эсэхэд эргэлзээ төрж байна.

Энэ илтгэл Монгол Улс дахь хугацаат цэргийн хөдөлмөр, үндэсний хөгжлийн асуудлаарх болон олон улсад санал солилцоход чиглэсэн цаашид харилцан хэлэлцэх сэдэл болно гэж бид найдаж байна.

Additional details

References

  • ISBN: 9789220307526