Монгол дахь албан бус эдийн засаг дахь эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба хамтын хэлэлцээ хийх эрх

Энэхүү бодлогын хураангуйд Монгол Улсын албан бус эдийн засаг дахь эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба хамтын хэлэлцээ хийх эрхийн хууль эрх зүйн зохицуулалтад шинжилгээ хийв.

Монгол Улсын хууль тогтоомжид албан бус эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогч хувь хүмүүсийн буюу ажил олгогчтойгоо ажлын гэрээ байгуулаагүй эсвэл албан бүртгэлгүй бизнест ажилладаг хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын хэлэлцээр хийх эрхийн хувьд ямар нэгэн хязгаарлалт тавигдаагүй гэж үзэхээр байна.

Албан бус эдийн засагт хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэдэд үйлдвэрчний эвлэл үүсгэн байгуулах, түүнд нэгдэн орох буюу оролцох, хамтын хэлэлцээ хийхэд ямар нэгэн хууль эрх зүйн саад байхгүй. Түүнчлэн иргэдийн хувьд сайн дурын холбоодыг үүсгэн байгуулах, түүнд нэгдэн орох буюу оролцоход хууль эрх зүйн хувьд саад байхгүй бөгөөд эдгээр холбоодын гишүүдийг үйлдвэрчний эвлэл мөн төлөөлж болно.