Нэг цэгийн үйлчилгээ: Монгол Улс нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүргэж буй туршлага

Энэхүү хураангуйд нэг цонхны механизмаар дамжуулан нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүргэж буй Монгол Улсын туршлагыг хуваалцсан байна.

Монгол Улс нь 2.8 сая хүн амтай, нэг квадрат километр газарт 2-оос цөөн хүн ногддог дэлхийн хамгийн тархуу суурьшилтай орон юм.

Монгол Улс нь хүний амьдралын мөчлөг бүрт тохирсон нийгмийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үзүүлдэг нийгмийн хамгааллын тогтолцоотой. Гэхдээ хүн ам их тархуу суурьшсан улсад нийгмийн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийг хүн амд хүргэхэд бэрхшээлтэй байдаг.

2007 онд иргэд төрийн зарим төрлийн үйлчилгээ, хувийн хэвшлээс үзүүлдэг нотариатын болон банкны үйлчилгээг нэг дороос авах бүтцийг бий болгосон байна. Үйлчлүүлэгч төвтэй, хүртээмжтэй үйлчлэх “нэг цэгийн үйлчилгээний төвүүд” нь төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал, үр ашгийг дээшлүүлэх, түүнчлэн авилга, нэмэлт зардлыг бууруулахыг зорьсон байна.

Нийгмийн даатгал, халамж, хөдөлмөр эрхлэлтийн болон бусад асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын төлөөлөгчид нэг дороос үйлчилгээ үзүүлдэг болсноор төрийн үйлчилгээг хүргэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн талаарх ойлголт мэдээлэл, ил тод байдлыг сайжруулах боломжийг Засгийн газарт олгосон байна. Эдүгээ иргэд өргөнөөр үйлчлүүлэх болсон НЦҮ нь төрийн үйлчилгээний чанар, зохицуулалтыг сайжруулах боломжийг орон нутгийн удирдлагуудад олгож байна.