Олон улсын хөдөлмөрийн өдөр

Бид эв санаа нэгтэй байж, оршин тогтнож, цэцэглэн хөгжинө

Олон улсын Хөдөлмөрийн өдрөөр ОУХБ-ын Ерөнхий захирал Гай Райдер энэ дэлхийн бүх ажилтан, ажил олгогч, засгийн газар, олон улсын байгууллага, сайн сайхан ирээдүйг хүсэж байгаа бүх хүмүүстээ нийгмийн шударга ёс, харилцан хүндэтгэл бүхий хөдөлмөрийн ертөнцийг бүтээхийн төлөө хүчээ нэгтгэхийг уриаллаа.

Date issued: 01 May 2021 | Size/duration: 2:55


Бид энэ жил Олон улсын хөдөлмөрийн өдрийг дахиад л КОВИД-19 цар тахлын үед тэмдэглэж байна. Цар тахлын улмаас бизнес зогсож, хүмүүс ажил хөдөлмөр эрхэлж чадахгүйгээс сая сая хүн амьжиргаагаа алдахад хүрж, ядуурлын эгнээнд шилжсээр. Дэлхийн хөгжил ухрахад хүрлээ. Хямралд хамгийн эмзэг, хамгийн сул дорой л илүү өртдөг. Тэгш бус байдал улам нэмэгдэж байна.

Цар тахал бидэнд бие биеэсээ ямар их хамааралтай болсныг ойлгууллаа. Зөвхөн эрүүл мэнд төдийгүй бидний ажил хөдөлмөр ямар их холбоотой, хамааралтай болсныг харууллаа.

Бүх хүн аюулгүй болох хүртэл хэнд ч аюул тулгарч болзошгүй. Бид бүгд бие биеэсээ маш их хамааралтай болсон дэлхий ертөнцөд хэн ч хичээгээд тусгаар орших боломжгүй болжээ. Улсаараа, дэлхий даяараа эв санаа нэгтэй байж, бид оршин тогтнож, цэцэглэн хөгжинө. Өнөөдрийн хямралаас бид нэг том сургамж авлаа. Бидэнд хямралаас гарахдаа хүндээ илүү анхаарч, шударга, тэгш байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Цар тахлыг бид хамтдаа даван туулна.

Өнөөдөр тулгарч буй хямралыг даван туулж, цаашдын ирээдүйг харахад бидэнд нэг л зүйл тодорхой байна. Бид тэгш, шударга ёсны дагуу хүн төвт,  тогтвортой, бүх нийтийг хамруулах үзэл баримтлах хэрэгтэй байна.

Бид эрүүл мэнд, эх орноо сэргээн босгохдоо,
  • ажлын байрыг нэмэгдүүлж, бүх нийтийг зохистой ажлын нөхцөлөөр хангах,
  • нийгмийн хамгааллыг өргөжүүлж,
  • ажилчдын эрхийг хамгаалахад чиглэсэн харилцан уялдаа бүхий бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа бөгөөд ингэхдээ,
  • нийгмийн түншлэл, хэлэлцээг ашиглах хэрэгтэй.
Энэхүү олон улсын хөдөлмөрийн өдрөөрөө түүхийн хүнд хэцүү үеийг хамтдаа туулж, өнөөдрийн хөгжил цэцэглэлтэд ямар үнээр хүрснээ саная. КОВИД-19 цар тахлыг даван туулах гэж хөдөлмөрийн ертөнцийг тэр чигт нь хөдөлгөж байгаа хүмүүсийн хичээл, зүтгэлд талархъя. Энэ хүнд үед амиа алдсан нөхдөө дурсъя.

Гэхдээ бид нийгмийн шударга ёс, хөдөлмөрийн хүрээний суурь эрхийг бэхжүүлж, сайн сайхан ирээдүйг бүтээн, хойч ирээдүй маань олон сайхан Хөдөлмөрийн өдрийг бахархан тэмдэглэхийн төлөө ажиллаж байгаагаа мартах ёсгүй.

Цар тахал бидний амьдралд хүнд үеийг авчирч, зорилгодоо хүрэхэд саад болж байгаа ч ирээдүйн шинэ боломжуудыг авчирч байгаа гэдэгт итгэн, өөдрөгөөр харъя. Гамшиг бидэнд дахин эргэцүүлэх боломж олгож байгаа бөгөөд хүмүүсийн төлөө, дэлхий ертөнц, хөгжил цэцэглэлтийнхээ төлөө шинэ сонголт хийж, шинэ амлалт авч байна.

Энэ жилийн Олон улсын Хөдөлмөрийн өдрөөр энэ дэлхийн бүх ажилтан, ажил олгогч, засгийн газар, олон улсын байгууллага, сайн сайхан ирээдүйг хүсэж байгаа бүх хүмүүстээ нийгмийн шударга ёс, харилцан хүндэтгэл бүхий хөдөлмөрийн ертөнцийг бүтээхийн төлөө хүчээ нэгтгэхийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас уриалж байна.