ОУХБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран гаргасан тайлан
Нийгмийн хамгаалалд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тоо дэлхийн хэмжээнд улам бүр нэмэгдэж байна
Дэлхий нийтэд тулгарч буй хямралаас үүдэн сая сая хүүхэд ядууралд өртөх нь нэмэгдэж байгаа тул нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг шинээр гарсан тайлан анхаарууллаа.

Түүнчлэн, 2016-2020 оны хооронд нэмээд 0-15 насны 50 сая хүүхэд нийгмийн хамгааллын арга хэмжээнд, тухайлбал, бэлэн мөнгө, эсвэл татварын хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй нь дэлхийн хэмжээнд нийгмийн хамгаалалд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тоог 1.46 тэрбумд хүрснийг Тоо томшгүй шалтгаан: Бүх хүүхдийн нийгмийн хамгааллыг бэхжүүлье тайланд анхаарууллаа.
“Хамгийн чухал нь, бүх хүүхдийн нийгмийн хамгаалалд хангалттай хэмжээгээр хөрөнгө оруулах, тэр дундаа хүүхэд бүрд мөнгөн тэтгэмж олгох замаар гэр бүлүүдийг дэмжих нь ёс зүйтэй, оновчтой сонголт бөгөөд тогтвортой хөгжих, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх үндсэн арга зам юм” хэмээн ОУХБ-ын Нийгмийн хамгааллын газрын дарга Шахра Разави хэллээ.
Тайланд дурдсанаар, 2016-2020 онд хүүхэд, гэр бүлд үзүүлэх дэмжлэг дэлхий даяар хумигдсан бөгөөд 2030 он гэхэд нийгмийн хамгааллын хамрах хүрээг өргөжүүлэх тухай тогтвортой хөгжлийн зорилгоо биелүүлэх ямар ч улс орон байхгүй байна. Тухайлбал, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад хамрах хүрээ ойролцоогоор 51-ээс 42 хувь хүртэл буурчээ. Бусад олон бүс нутагт хамрах хүрээ нэмэгдээгүй, бага хэвээр байна. 2016 оноос хойш Төв Ази, Өмнөд Азийн бүс нутаг, Зүүн Ази, Зүүн өмнөд Азийн бүс нутаг, Сахарын цөлөөс өмнөх Африк болон Баруун Азийн бүс нутаг, Хойд Африкт тус тус 21%, 14%, 11%, 28% байна.
Нийгмийн хамгааллын тогтолцооноос гадуур байгаа хүүхэд бүр ядуурал, өвчин эмгэгт өртөж, боловсрол, хоол тэжээлийн дутагдалд орж, насанд хүрэхээсээ өмнө гэрлэх, хөдөлмөр эрхлэх өндөр эрсдэлтэй.
Дэлхий даяар 356 сая хүүхэд өдөрт 1.90 ам.доллароос бага орлогоор амьдарч байгаа нь насанд хүрэгчидтэй харьцуулахад ядууралд өртөх магадлал нь хоёр дахин их. Мөн тэрбум хүүхэд боловсрол, эрүүл мэнд, орон сууц, хоол тэжээл, ариун цэврийн байгууламж, усан хангамжийн хүрэлцээгүй байдал зэрэг олон хэмжээст ядууралд өртөж байна. Олон хэмжээст ядууралд амьдарч буй хүүхдийн тоо COVID-19 цар тахлын үеэр 15 хувиар өссөн нь хүүхдийн ядуурлыг бууруулахад гарсан ахиц дэвшлийг бууруулж, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай байгааг нотолж байна.
Бид нийгмийн хамгааллын тогтолцоог хямралын үед авах ёстой маш чухал хариу арга хэмжээ болохыг цар тахлын үед харлаа. Дэлхийн маш олон улс орнууд одоо байгаа нийгмийн хамгааллын тогтолцоогоо нөхцөл байдалд тохируулан маш хурдан өөрчилж, хүүхэд, гэр бүлийг дэмжих нийгмийн хамгааллын шинэ хөтөлбөрүүдийг нэвтрүүлсэн боловч ихэнх нь ирээдүйд болзошгүй хямрал, цочролд хариу өгөх түвшинд байнгын шинэчлэл болж чадаагүй байна гэж тайланд дурджээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Нийгмийн бодлого, нийгмийн хамгааллын газрын захирал Наталья Виндер-Росси хэлэхдээ, "Гэр бүлүүд эдийн засгийн хүндрэл, хүнсний аюулгүй байдал, мөргөлдөөн, уур амьсгалтай холбоотой цочрол, хямралтай тулгарах нь нэмэгдэж байгаа тул хүүхэд бүрд мөнгөн тэтгэмж олгох замаар болзошгүй эрсдэлээс сэргийлж чадна" гэжээ. “Хүүхдэд ээлтэй, цочролд хариу өгөхүйц нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлж өргөжүүлэх, хөрөнгө оруулах зайлшгүй шаардлага байна. Энэ нь хүүхдүүдийг ядуурлаас хамгаалах, ялангуяа ядуу өрхүүдийн амьжиргааг сайжруулах чухал ач холбогдолтой юм."
Хөгжлийн түвшнээсээ үл хамааран бүх улс орнуудад хоёр сонголт байна: нийгмийн хамгааллын тогтолцоогоо бэхжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын “цогц” стратеги хэрэгжүүлэх, эсвэл, хөрөнгө оруулалт төдийлөн цардахгүй “хялбар” стратегийг хэрэгжүүлж, сая сая хүүхдийг хөгжлөөс гадуур орхих.
Ухралтаас урагшлахын тулд ОУХБ, НҮБ-ын Хүүхдийн сан бодлого боловсруулагчдаас бүх хүүхдийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх шийдвэртэй алхам хийхийг уриалж байна. Үүнд:
- Хүүхдийн ядууралтай тэмцэж, хүүдийг хөгжүүлэх зардал багатайг үр дүнтэй арга болох нь хэдийнээ батлагдаад байгаа хүүхдийн мөнгөний хөтөлбөрт хөрөнгө оруулах.
- Үндэсний нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох, боломжийн үнэтэй өндөр чанартай хүүхэд асрах үйлчилгээг санал болгох зэрэг гэр бүлд эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг хүргэх.
- Хүний эрх, жендэрт суурилсан хүртээмжтэй, цочролд хариу үйлдэл үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлж, охид, эмэгтэйчүүд, цагаач хүүхдүүд, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдэд онцгой анхаарах.
- Дотоодын нөөц бололцоогоо дайчлан, хүүхдэд зориулсан төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлэх замаар нийгмийн хамгааллын тогтолцооны тогтвортой санхүүжилтийг хангах.
Редакторуудын тэмдэглэл
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу:- Розалинд Ярде, ОУХБ, Женев, Утас: 41227997697, newsroom@ilo.org
- Хелен Уайли, НҮБ-ын Хүүхдийн сан, Нью Йорк, Утас: 1 917 244 2215, hwylie@unicef.org
ОУХБ-ын тухай
Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг бэхжүүлье.Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь НҮБ-ын хөдөлмөрийн асуудал хариуцсан төрөлжсөн байгууллага юм.
Бид Засгийн газар, ажил олгогч, ажилчдыг нэгтгэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, нийгмийн түншлэлийг бэхжүүлэх замаар хүн төвтэй хөдөлмөрийн ирээдүйг цогцлоож байна.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн тухай
НҮБ-ын Хүүхдийн Сан нь дэлхийн хамгийн хүнд хэцүү газруудад дэлхийн хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүрэхийн тулд ажилладаг.Бид дэлхийн 190 орон, нутаг дэвсгэрт хүүхэд бүрийн төлөө, хаа сайгүй, хүн бүрийн төлөө илүү сайн ертөнцийг бий болгохын төлөө ажиллаж байна.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн тухай, хүүхдийн төлөөх ажлынх нь талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.unicef.org хаягаар зочилно уу.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Twitter, Facebook, Instagram and YouTube хаягийг дагана уу.
*PPP гэдэг нь худалдан авах чадварын харьцааг хэлнэ. Худалдан авах чадварын харьцаа нь янз бүрийн улс орнуудын тодорхой бараа, бүтээгдэхүүний үнийн хэмжүүр бөгөөд улс орнуудын үнэмлэхүй худалдан авах чадварыг харьцуулахад ашиглагддаг.