3 дугаар сарын 8: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдөр

Хөдөлмөрийн ертөнцөд жендэрийн тэгш байдалд анхаарал хандуулах цаг нь болсон

ОУХБ-ын Ази, Номхон далайн Бүсийн товчооны захирал Асада-Миякава: Ажлын байранд жендэрийн тэгш байдлыг хангах тухай асуудлыг хойш нь тавьж болохгүй. Хамтдаа хүчин чармайлт гаргаж, шийдэмгий сонголт хийж, хэрэгжүүлье.

News | 08 March 2021
ОУХБ-ын Ази, Номхон далайн Бүсийн товчооны захирал Асада-Миякава
Энэ зуун жилд эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөртэй холбоотой томоохон өөрчлөлтүүд гарчээ. Ажил, амьдралаа эн тэнцүү авч явж байгаа олон сая эмэгтэйчүүд, тэр дундаа бизнесийн амжилтад хүрч, удирдах албан тушаал эрхэлж буй олон эмэгтэйчүүдийг нэрлэж болно.

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр энэхүү амжилтыг тэмдэглэхийн зэрэгцээ, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй бүх эмэгтэйчүүдийг сайн сайхан, гэрэлт ирээдүй хүлээж байгаасай гэж хүсэж байна.

Харамсалтай нь олон эмэгтэйн хувьд бодит байдал өөр байна.

КОВИД-19 цар тахлын улмаас тэгш бус байдал улам нэмэгдэж, эмэгтэйчүүдийн эрхэлж буй ажил хөдөлмөрт сөргөөр нөлөөлж байна. Эмэгтэйчүүд хамгийн түрүүнд ажилгүй болох, улмаар ур чадвар, хүсэл сонирхолдоо нийцэхгүй өөр ажил, эсвэл албан бус салбарт хүнд, хэцүү хөдөлмөр эрхлэх болжээ.

Ажлын байранд жендэрийн тэгш байдлыг хангах тухай асуудлыг хойш нь тавьж болохгүй. Хамтдаа хүчин чармайлт гаргаж, шийдэмгий сонголт хийж, хэрэгжүүлье."

ОУХБ-ын Ази, Номхон далайн Бүсийн товчооны захирал Асада-Миякава
Гэвч үнэн хэрэгтээ цар тахлын өмнө ч нөхцөл байдал сайнгүй байв.

Жил гаруйхны өмнө, та бидний ихэнх нь КОВИД-19-ийн талаар сонсоо ч үгүй байхад ОУХБ-аас гаргасан “Хөдөлмөрийн ирээдүйд жендэрийн тэгш байдлыг хангахад авах арга хэмжээ” тайланд жендэрийн тэгш бус байдлыг арилгах явц тун удаашралтай, зарим тохиолдолд тэгш бус байдал улам нэмэгдэж байгааг дурджээ.

Эмэгтэйчүүдийг ажил, хөдөлмөр эрхэлж, хөгжиж дэвшихэд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Эдгээрээс хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйл нь цалин хөлсгүй асаргааны ажил юм. Жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээний үр дүнд 1997-2012 оны хооронд эрэгтэйчүүдийн нэг өдөрт цалин хөлсгүй асаргааны ажилд зарцуулах хугацаа дунджаар 8 минутаар нэмэгдэж, харин эмэгтэйчүүдийнх 15 минутаар буурчээ. Цаашид хандлага иймэрхүү үргэлжилбэл, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалин хөлсгүй асаргааны ажилд зарцуулах цагийн зөрүүг бүрэн устгахад бүхэл бүтэн 200 жил шаардагдана. Энэ зөрүү КОВИД-19-ийн улмаас улам ихсэх нь тодорхой.

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс цөөн салбарт, цөөн төрлийн ажил эрхэлдэг хэвээр. Эрэгтэйчүүдтэй ижил төрлийн ажил эрхэлж буй эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бага цалин авч (дэлхийн түвшинд ойролцоогоор 20 хувиар бага) байна. ОУХБ-ын мэдээлснээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр боловсролтой хэдий ч дэлхийн хэмжээнд удирдах албан тушаалтны гуравны нэгээс цөөн нь эмэгтэйчүүд байгаа нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш бага өөрчлөлт гарсныг харуулж байна. Хэрэв энэ байдлыг өөрчлөхгүй бол цаашид хүүхэдтэй эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх, цалин хөлстэй хөдөлмөр эрхлэх, манлайлах боломжууд улам бүр хумигдана. Ийм хязгаарлагдмал, шударга бус байдал эмэгтэйчүүдийн хувьд насан туршид нь үргэлжилж, улмаар өндөр насандаа тэтгэвэр, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртэж чадахгүй ядууралд өртөхөд хүргэнэ.

Хүчирхийлэл, дарамтыг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ нь эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэх, нөөц бололцоогоо бүрэн ашиглахад сөргөөр нөлөөлж байна. Энэ байдал улс орон, албан тушаал, эдийн засгийн салбар үл харгалзан түгээмэл тохиолдож байгаа бөгөөд цаашлаад хөдөлмөр эрхлэлтийн уламжлалт төрлөөс халин дижитал ертөнцөд ч тохиолдох боллоо.

Ийм сорилт тулгарч байгаа ч, түүнийг даван туулахад бид юу хийх ёстойгоо мэдэж байгаа нь сайн хэрэг.

Хөдөлмөрийн ертөнцөд жендэрийн тэгш байдлыг хангахын тулд аргацаасан бус, харин урт хугацааны “эрс шинэчлэлт” хийх шаардлагатай. Бид жендэрийн тэгш байдлаас хүртэх нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд зорилготой, санаачилгатай, нэгдмэл хүчин чармайлт гаргах шаардлагатай. Засгийн газар, ажилтан, ажил олгогч, эмэгтэйчүүдийн байгууллага, сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, бусад оролцогч талууд, та, би, бид, бүгд үүнийг хэрэгжүүлэхэд оролцож, оногдсон үүргээ биелүүлэх ёстой.

Хөдөлмөрийн ертөнцөд эмэгтэйчүүдийн төлөө дараах томоохон дөрвөн өөрчлөлтийг хийх шаардлагатай байна. Үүнд:

Нэгдүгээрт, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн гүйцэтгэж буй цалин хөлсгүй асаргааны ажлын хэт ялгаатай байдлыг арилгахад анхаарал хандуулах ёстой. Эрэгтэйчүүд энэ асуудалд илүү хариуцлагатай хандах шаардлагатай бөгөөд ингэснээр ажил, ар гэрийн тэнцвэрт байдлын давуу талыг илүү хүртэх боломжтой. Ажлын цаг болон ажил мэргэжлээрээ өсөхөд илүү уян хатан бодлого баримталж, ажилтан асран халамжлах үүргээ гүйцэтгэх, асрах чөлөөний дараа ажилдаа эргэн ороход нь шударга бус торгууль, шийтгэл оногдуулдаггүй зохицуулалт хийх зэргээр ажлын байран дахь дэмжлэг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой.

Хоёрдугаарт, засгийн газраас эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэх, тэр дундаа өндөр ур чадвар шаардсан, цалин сайтай ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалт хийх, бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн төсвөөс санхүүждэг, мэргэжлийн асаргааны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах шаардлагатай. Зарим улс оронд ийм зохицуулалт байдаг хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа тул санхүүжилтийг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлэн, хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх нь урт хугацаандаа үр дүнтэй.

Гуравдугаарт, жендэрт суурилсан хүчирхийлэл, дарамт, бэлгийн дарамтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үүний эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах ёстой. Засгийн газар, ажил олгогч, ажилтны байгууллагууд хамтран баталсан Хүчирхийлэл, дарамтын тухай ОУХБ-ын конвенцод энэ талаар тодорхой хүрээ, практик үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна. Фижи улс 2020 оны 6-р сард Хүчирхийлэл, дарамтын талаарх конвенцод нэгдэн орсон ба энэхүү жишгээр Ази, Номхон далайн бүсийн бусад улс орнууд конвенцод нэгдэж, хэрэгжүүлэхийг нэн тэргүүний зорилтоо болгох ёстой.

Эцэст нь, бүх шатанд эмэгтэйчүүдийн дуу хоолой, төлөөлөл, манлайллыг дэмжих талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ажилд орох, албан тушаал ахихад ялгаварлан гадуурхалт байх ёсгүй бөгөөд жендэрийн ялгаатай байдлыг бүрэн арилгахад чиглэсэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Цагаач ажилтан, ЛГБТИ, үндэсний цөөнх, уугуул хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд зэрэг ялгаварлан гадуурхалтад өртөж буй бүхий л эмэгтэйчүүдийнхээ төлөө ажиллах шаардлагатай. Жендэрийн тэгш байдлыг хангаагүйн улмаас үүсэж буй алдагдсан боломж туйлын их. Цар тахлын үед ч цаг алдах ёсгүй. Бид амласнаа биелүүлж, шийдэмгий сонголт хийх цаг нь болсон. Хамтдаа тэгш бус байдлыг арилгаж, саад бэрхшээлийг даван туулж чадна. Ингэснээрээ, эмэгтэй хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэж, хөдөлмөрийн ертөнцөд хэнийг ч орхихгүйгээр хамтдаа хөгжих болно.