Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэнд

ДЭМБ болон ОУХБ-аас ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх шинэ арга хэмжээ авахыг уриалж байна

ДЭМБ/ОУХБ-ын хамтарсан бодлогын товч танилцуулгад практик стратегийг тодорхойлж, ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийн тухай ДЭМБ-ын удирдамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг онцлов.

Press release | 28 September 2022
© M. Crozet / ILO
ЖЕНЕВ ХОТ (ОУХБ-ын мэдээ) - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) хөдөлмөр эрхэлж буй хүн амын сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээ авахыг уриалав.

Сэтгэл зүйн хямрал, түгшүүрийн улмаас жилд ойролцоогоор 12 тэрбум ажлын өдөр алдаж байгаа нь дэлхийн эдийн засагт ойролцоогоор нэг их наяд ам.долларын хохирол учруулж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хоёр шинэ хэвлэл өнөөдөр хэвлэгдэн гарч байна – эдгээр нь ажлын байрны сэтгэцийн эрүүл мэндийн тухай ДЭМБ-ын удирдамж, ДЭМБ/ОУХБ-ын бодлогын товч мэдээлэл юм.

Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийн тухай ДЭМБ-ын удирдамжид ажлын ачаалал ихтэй байх, сөрөг зан үйл, ажлын байранд сэтгэл зүйн зовуурь үүсгэдэг бусад хүчин зүйл зэрэг сэтгэцийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлтэй тэмцэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ажлын стресстэй орчноос урьдчилан сэргийлэх, ажилтнуудад сэтгэл зүйн зовууриа даван туулахад тусламж үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэхийн тулд менежерүүдэд тусгайлсан сургалт оруулахыг зөвлөж байна.

ДЭМБ-аас 2022 оны 6-р сард нийтэлсэн Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн тайланд 2019 онд сэтгэцийн эмгэгтэй амьдарч буй нэг тэрбум хүнээс 15 хувь нь хөдөлмөрийн насны насанд хүрсэн хүмүүс байгааг харуулжээ. Ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал зэрэг сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нийгмийн өргөн хүрээний асуудлуудыг ажлын нөхцөл хурцатгаж байдаг. Сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ажлын байрны дарамтын тухай гомдол, саналд дээрэлхэх, сэтгэл зүйн хүчирхийлэл ("моббинг" гэж нэрлэдэг) зэргийг голчлон дурддаг байна. Гэвч олон улсад ажлын орчинд сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярилцах эсвэл чөлөөтэй илэрхийлэх нь хаалттай хэвээр байна.

Удирдамжид сэтгэл зүйн эмгэгтэй ажилтнуудын хэрэгцээг хангах, ажилдаа эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн хүнд эмгэгтэй хүмүүст цалинтай ажилд ороход туслах зэрэг арга хэмжээг зөвлөжээ. Мөн удирдамжид эрүүл мэнд, хүмүүнлэг, онцгой байдлын ажилтнуудыг хамгаалахад чиглэсэн онцгойлсон арга хэмжээг чухалчилсан байна.

ДЭМБ-ын Ерөнхий захирал, Доктор Тедрос Адханом Гебрейюс “Бид сэтгэцийнхээ эрүүл мэндэд ажлын нөхцөлөөс үзүүлэх хор хөнөөлийн талаар анхаарах цаг болжээ. Хувь хүний сайн сайхан байдал аливаа үйлдэл хийхэд хангалттай шалтгаан боловч сэтгэл зүйн эмгэг нь хүний гүйцэтгэл, бүтээмжид муугаар нөлөөлдөг байна. Энэхүү шинэ удирдамж нь ажлын сөрөг нөхцөл, соёлоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхэлж буй хүмүүст нэн шаардлагатай сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжлэг үзүүлэхэд туслах юм."

ДЭМБ/ОУХБ-ын бодлогын товч танилцуулгад ДЭМБ-ын удирдамжийг засгийн газар, ажил олгогчид, ажилтнууд болон тэдгээрийн байгууллагууд, төр, хувийн хэвшилд хэрэгжүүлэх практик стратегийн үүднээс тайлбарласан болно. Үүний гол зорилго нь сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг хөдөлмөрийн ертөнцөд идэвхтэй оролцуулах, өсөн дэвжихэд нь дэмжлэг үзүүлэх юм. Энэхүү стратегийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт, манлайлал чухал үүрэг гүйцэтгэнэ.

“Хүмүүс амьдралынхаа ихэнх хувийг ажилдаа зарцуулдаг тул аюулгүй, эрүүл ажиллах орчин чухал юм. Бид ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж урьдчилан сэргийлэх соёлыг төлөвшүүлэх, гутаан доромжлох, нийгмээс гадуурхагдах явдлыг таслан зогсоохын тулд ажлын орчныг өөрчлөх, сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгтэй ажилтнуудад хамгаалалт, дэмжлэг мэдрүүлэх шаардлагатай” гэж ОУХБ-ын Ерөнхий захирал Гай Райдер хэлэв.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ОУХБ-ын 155 дугаар конвенц, 164 дүгээр зөвлөмж нь ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлсэн боловч ДЭМБ-ын сэтгэцийн эрүүл мэндийн атласт улс орнуудын дөнгөж 35 хувь нь ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөртэй гэж мэдээлсэн байна.

Ковид-19 цар тахлаас болж дэлхий даяар сэтгэл зүйн хямрал, түгшүүр 25 хувиар өсөж, цар тахлын сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөнд засгийн газрууд бэлтгэлгүй байсан хийгээд дэлхийн хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хомсдолд орсныг харуулсан байна. 2020 онд дэлхийн улс орнуудын засгийн газрууд эрүүл мэндийн төсвийнхөө дунджаар хоёрхон хувийг сэтгэцийн эрүүл мэндэд зарцуулсан бол дундаас доогуур орлоготой орнууд нэг хувиас бага хөрөнгө оруулалт хийжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

ДЭМБ-ын хэвлэл мэдээллийн лавлагаа: mediainquiries@who.int
ДЭМБ: Сара Шеппард: sheppards@who.int
ОУХБ-ын хэвлэл мэдээллийнхэнтэй холбогдох: Мэдээний хэлтэс: newsroom@ilo.org